0407 - үргэлжлэл 4

Хулан хэдий шөнө хагаслаж бүхлээрээ унтсан ч гэсэн сайхан амарчихсан аятай хүүгийн хичээл амрах гэж байгаа, охиндоо бүжгийн хувцас авч өгнө гэх мэтийн ойр зуурын зүйл ярьж, дууны өнгө, харцаараа нөхөртөө эрхлэн, уучилсанаа илтгэн байлаа. Харин Болдын хувьд нэг л түгшүүртэй. Нөгөө ном зохиол дээр гардаг дайны өмнөх нам гүм л ийм байсан байх даа гэмээр. Хулан яааж ингэж юу ч болоогүй юм шиг байж чаддаг байна аа, арав гаран жил хамт амьдарсан, түүний талаар ба бэ-гүй мэддэг болсон гэдэг маань худлаа л байна даа. Болд Хуланг сэрснээс хойш ажлын газрынх нь үүдэнд ирэн иртэл янз бүрээр бодоод тархи нь гашилчих шиг л болов. Ингэж байхаар шууд тулаад асуучихсан нь дээр байх, одоо ингээд ажилд нь оруулчихвал өдөржин ажлаа ч хийж чадахгүй шаналахын нэмэр гэж бодогдоно. Үгүй тэгээд юу гэж асуух вэ? Тийм ээ чиний тэнэг мессежүүдийг уншсан гэвэл би юу гэхэв? Уншаагүй л байгаасай.
  • Хулаан, чи утсаа яасан юм?
  • Өчигдөр өглөө л ширээнийхээ нүдэнд хийчихсэн.

ёооооох, тэгж л таарна. за байж, яаж тэр утастай нь, үгүй ядаж өөрийнхөө мессежүүдтэй тааруулахгүйхэн өнгөрөөх вэ? Болдог бол өчигдрийн өглөөд яваад очихсон.
  • За би бууя даа, орой эртхэн тарвал Гачуурт руу явах уу?
  • Тэгье. Хулаан.
  • Ай?
  • Аан юу ч гээгүй ээ.
  • Болдоо, хэлэх үг байвал хэл дээ хө.
  • Хулаан, утсаа надад өгчихөж болох уу?
  • ...
  • Хулаан, намайг уучлаарай. Найз нь өчигдөр бухимдаад зөндөө муухай мессеж биччихсэн. Уншилгүй устгачихаарай тэгэх үү?
  • ааха

Ёоооооооё, энэ утаснаас болж галзуурах нь дээ би. Машинд суусан цагаас хойш үе үе утсанд өнөөхөөс мессеж ирээ болов уу гэж бодогдоод байсан, сая Болдыг утсаа өгчихөж болох уу гэхэд нь ядаж мессежээ үзчихээд өгчих юм сан гэж бодож суусныг яана. Ингэхэд өнөөхөөс мессеж ирсэн болов уу? Хулан нэг л мэдэхэд шүүгээнийхээ урд явган сууж байв. Чихэнд нь Хулсан ташуур сонсогдож гар нь чичирч байв. Зүрх нь өнөөхөөс мессеж ирсэн байгаасай гэж хүсэн тонгочиж, тархи нь мессеж ирээгүй л байсан нь дээр хэмээн зайрмагтана. Зүрх, тархиныхаа алийг дагахаа мэдэхээ байсан нүд тогтохгүй гүйлгэнэж, гар салгалсаар утсандаа хүрлээ. Еээ ашгүй минь. Цэнэг нь дуусаад унтарчихаж. Утсаа цэнэглэх зуураа Хулан төвлөрч амжив. Өчигдөр өөртөө өгөөд байсан тангараг яалаа? Өөрийгөө олчихоод утсаа олно гэсэн яалаа?

Хулан утсаа асаахгүй болохоор ээжийн санаа зовчихно, тэгээд ч хүү, охин хоёр маань ярих байх гэж бодоод утсаа асаав. 21 new message. Хулан өөрийн мэдэлгүй салганан мессеж рүүгээ орлоо. Сонин юм 21-үүлээ Болдоос ирсэн байх юм. Өөртөө итгэхгүй гурван удаа бүх мессежний дугаарыг нягтлан харав. За яршиг битгий уншаарай гээд гуйгаад байсныг бодоход сайхан юм байхгүй байлгүй гэж амандаа бувтнаад бүх мессежийг устгачихлаа. Юу юугүй л дэлбэрчих гээд байсан зүрх нь гараад явчихав уу гэлтэй таг чиг. Өнөөх чинь яасан юм бол? Бас эхнэр хүүхэдтэй хүн байгаад эхнэртээ баригдчихав уу? Эсвэл над шиг өөрийгөө татаж авахаар шийдэв үү? Хуланд уржигдрынх шиг өөрийнхөө гоо сайхныг мэдэрсэн эрч хүч, өчигдрийнх шиг амар амгалан, сэтгэл тайван эхийн сэтгэл аль аль нь алга. Зүгээр л зүрхгүй хоосон бие л үлдсэн мэт, салхи л үлээвэл хийсэхэд бэлэн мэт сулидаад байв.

Болдын бодож байсан, Хулангийн шийдсэнчлэн тэднийх элэг бүтэн, жаргалтай гэр бүл хэвээр үлдэж. Арваадхан хоногийн дараанаас эхлээд Болд хуучнаараа ажилдаа улайран оройтдог болж, Хулан ч үс, зүсээ тольдон гоё гоодохоо больж өмнөх арван жилийн тойрог руугаа эргэн нийлэх нь тэр. Аз жаргалтай биш гэж хэлэх аргагүй гэр бүлийн амьдрал сар гаран үргэлжиллээ.

Байдаг л нэг үдийн хоол. Хулангийн утас дугарлаа, танихгүй дугаар. Автал "охин минь 95..0407 дугаар миний хүүгийнх байгаа юм. Хүү маань чамтай уулзаад нэг зүйл өгөөрэй гэж гуйсан юм. Эгч нь хаана очвол болох вэ?..." Хулангийн зүрх нойрноос цочин сэрж, дахин тонгочиж эхлэх нь тэр. Түүний мартах шахсан 8 орон хурууны өндгөнд мэдрэгдэх шиг болж, Хулсан ташуурын ая чихэнд нь хангинаж эхлэв. "Та яг одоо хаана байна? Би таны байгаа газар яваад очъё."

Хулан хир хугацаа өнгөрснийг ч анзаарах сөхөө байсангүй. Харангуут л их зовлон туулж дээ гэж бодогдмоор тэр эмгэний өгсөн төмөр хайрцгийг тэврээд, хурдхан нээж үзэхийг яарч, ганцаархнаа байх, өөрт нь хэн ч саад болохгүй байх тийм л газрыг хайсаар энэ буудалд ирчихсэн. Хуланд тэр эмгэний нүүрэнд илрэн байсан бүх зовлонгий нь тэр төмөр хайрцагт хийгээд тэврээд ирсэн мэт мэдрэмж төрөхөөс өөр ямар ч сэтгэлийн хийгээд ухамсарын ажиллагаа байхгүй болсон байлаа.

Салхинд гараад ороод ирлээ.

Бүх дэлхийн хөдөлмөрчиддөө: өдрийн мэнд өглөөний мэнд оройн мэнд! Шөнө суугаа хүмүүст шөнийн мэнд!
Багшаа салхинд гарку юу. Пээ, муухай халуунд чинь хөлс баасаа гоожуулаа л, за хөлс бол гоожих нь гоожсоон. Нөгөөдөх нь гоожоогүй арай. Тэгээд халуунд баахан дэлгүүр яваа л, мах, сонгино, архи эднүүсээ авчлаа. Нэг юм дутаад болдгүй. Тэгсэн чинь хусны нүүрсээ мартцан байдийн. Тэр ч яахуу гээ л ороо л авчлаа. Угаасаа дэлгүүрийн үүдэнд зогсжаагаа улсууд ороо л авчилгүй яахав дээ. Тэгсэн бас нэг юм мартагнаад болдгүй ээ бүр. Ер нь олон юм мартагнасаан. Тэхдээ энэ бол ерөөсөө асуудал болоогүйм шүү. Яагаад гэвэл дэлгүүрийнхээ үүдэн дээр л байгаад байсийм чинь. Ингээд ицсийцст юм мартагнахаа санагдахаа болингуут нь хамаг юмаа үүрхий нь үүрээд түрхий нь түрээд арилж одов.
Ингээд салхиндаа ирчлээ. Салхи сайхан байсан. Сэр сэр гээ л. Гэхдээ яаж ч хичээгээд, нүдээ аниад бодсон үнсжаагаам шиг санагдна гэж байхгүйм байлээ тэр салхи чинь. Үнснэ гэдэг чинь арай өөр юм байдаг биз дээ, гүүмүү. Ч.Чимид гуай бас л агуу мэдрэмжтэй хүн байжээ. Тэгээд галаа асаалаа. Асаах гэсэн чинь гал байгаа хэрнээ цаас аваагүй байдийн. Ямар нүүрсээ жожкоолконд бариад зогооо-оо л байлтай биш. Тэгсэн мэргэн санаа нэгэнд нь төрөөд:
-Маанагаа наад нүүрснийхээ уутнаас урж аваад шатааччаааччч! гэсэн дуу гарснаар галаа амжилттай асаасаан. Энэ маанаг гэгдэгч нь би бишээ. Яахувээ одоо гээд тойроод яваад байсан тэр маанагийг хэлжаагаан. Багшаа бол яахав дээ, муухай халуун байнаа, шатаж үхэхнээ энэ гэж мэгээд архи хундагалаад суужээсэн. Архийг уугч 2 этгээд байсан ба мах зах нь шарагдаад болоод яг сайхан гардаг дээр хагас литр тэр архи дууссиймаа. Миний биед орсон дөрөвний нэг литр тэр галт ус толгой руу буудсан уу мэдкү нэг мэдсэн мах зажлаад ч байгаам шиг, өөр нэг мэдхэд пиав уугаад ч байгаам шиг, ахиад нэг мэдхэд өвс зажлаад ч байгаам шиг болжээснааа гээв гэнт бүх юм алга болоод 2 гараа салтаандаа гавчуулсан байдалтай модны сүүдэрт хэвтжээснаар өөрийгөө олоод цаг харахад ирснээс хойш даруй 6 цаг өнгөрсөн байв. Яаж ч маанагтаад цагаас илүү махтай ноцолдкуу, эрүү зуурцарсан байлаа ч 15-аас илүү минут мах идкүү гээд бодоход 5 цаг тэнгэрийн дор, өвсний дээр гэвтсэн байжухуй би. Гэхдээ өвс бид 2-н завсар адиал байсан бол тэнгэр бид 2-н дундуур агаар байсан юм аа.
Аяа агаарт гарна гэгч энэ буюу. Ингээд сэрээд өндийж суугаад хаа сайгүй харсан ч хаанаас ч мах олоогүй ба харин пиавнууд надад ихээр олдож билээ. Тэгээд мах олоогүй уураа тэдгээр пиавнуудад гаргаж тайвширснаас энэ өдрийн салхинд гаралт өндөрлөж салхинаасаа нэг юм орж ирээд блогдоод суужийнэ даа ингээд.
Багшаа одоо
Байн байн блогдож
Барбагшид
Балиартаж
Бах таваа ханганаа
Базарваань гэж.
За зургаан мөр ба гэдэг шүлэг тавьж өндөрлөлөө шүү. Эргээд нөгөөдөр мөгөөдөр уулзатлаа түр баяртай.

0407 - үргэлжлэл 3

Хулан тогтож ядан байн байн утсаа үгүйлнэ. За би яг л тамхинд орчихсон хүн шиг ямар муухай байна аа. Ингэж суухаар цайны цагаар дэлгүүр орж жаал жуул нарийн ногоо авья байз. Орой эртхэн хариад нөгөө гурвыгаа шаагилдаад ороод ирэхэд нь ширээ дүүрэн сайхан хоол цай өрчихөөд байж байя. Болд маань намайг мэдчихээд өдий болтол дугай яваад байхыг бодоход дотроо л шаналаад яваа байх. Өнөөдөр чамдаа бүх үнэнээ хэлээд уучлал гуйна аа. Одоо нөгөөх зөндөө их мессеж биччихсэн байгаа болов уу? Бүтэн нэг өдөр байхгүй байж байгаад арай гэж мессеж бичихэд нь хариу бичихгүй болохоор яаж байгаа бол? Хөөрхий минь хэцүү л байгаа байх даа. Ёоооё би одоо юу бодоод байна даа. Нөгөөх гэдгээс өөрөөр хэлж мэдэхгүй, зүс харах битгий хэл нэрийг нь ч мэдэхгүй хүнийг үгүйлээд байх юм. Нөхрөө 3 цаг тутамд нэг санаж, нөгөөхийг 3 минут тутамд нэг үгүйлж байх шив. Хэлэх ч үг олдохгүйм. Заза ингэж ажил хийсэн ч биш, хийгээгүй ч биш сууж байхаар дэлгүүр орьё. Хулан утсаа авах гэснээ, заза утас минь би өөрийгөө олчихоод эргэж ирээд чамайг авья даа. Эзэн чинь өөрийгөө олтол чи шүүгээндээ л байж байсан нь дээр гэж хэлээд мушийн гарч одов

Болд өдрийн сууж байсан газраа суусаар л. Босоод гаръя гэхнээ чадал үгүй болсон байлаа. Эмэгтэй хүн нэг зөрөхөөрөө ямар ч эр хүнээс илүү хатуу гэдэг үнэн юм даа. Надад хайргүй болсон байлаа гэж бодоход хүү, охин хоёроо орхиж зүрхэлж байна гэж үү? Ёо би юу бодоод байна аа, хэн намайг орхих гээд байгаа юм. Үгүй тэгээд хамаг сэтгэл зүрхээ онгичин байж эвлүүлсэн 3 мөр шүлэглэсэн мессеж бичээд болзоонд урьж байхад ирэхгүй байна гэдэг чинь хаяж байгаагаас өөрцгүй л биз дээ. Хулан минээ, яг хэзээнээс эхлээд чи минь намайг хүн гэж тоохоо больчихсон юм бэ? Босоод явах тэнхэлгүй, суугаад байхаар элдвийн зүйл бодогдож хямрана. Зөөгч өө, 100 грам архи өгөөч.

Хулан дэлгүүр орж хайртай гурвынхаа дуртай гэсэн бүхнийг цуглуулаад шууд гэрээдээ зүглэв. Хоол унд, зууш гэсээр байтал нэг мэдэхэд 19 цаг өнгөрчихөж. Нөгөө гурав маань хааччихав. Заза, жаахан оройтох нь надад л сайн, дахиад нэг салат нэмээд хутгачихья. Ширээгээ засаад бүх юм жин тан. 20 цаг. Сонин юм даа, ядаж утсаа аваад ирдэг байж. Намайг гэртээ ирээгүй гэж бодоод гэрлүүгээ ярихгүй, яарахгүй байгаа юм байлгүй. За Болд руугаа залгая даа.
  • Байна уу? Та гурав ирж байна уу?
  • Чи яагаад гэртээ байж байгаам?
  • Чи чинь согтуу байгаамуудаа? Хүүхдүүдээ яасым?
  • Та хэзээ бид гурвыг үгүйлдэг болчихоов?
  • Чи чинь яачихсан юм?
  • Яачихсанаа хэлвэл та тоож сонсох юм уу?
Хулан уурлаад харилцуураа шидчихэв. Өө энэ Болд ийм урамгүйшт, яршиг ингэж суухаар өөрөө очиж хүүхдүүдээ авчирах минь.

Үүрийн 4 цагийн орчимд Болд ирлээ. Эхнэр нь суугаагаараа унтчихсан байв. Ширээн дээр амттан өрөөстэй. Энд юу болсын бол? Хүү, охин хоёр маань өрөөндөө унтаж байх юм. За байз ямар нэгэн тэмдэглэлт өдөр билүү? Түүний согтуу ухаанд юу ч орж ирсэнгүй. За ямар ч байсан миний гурван эрдэнийн төрсөн өдөр биш, бид хоёрын танилцсан өдөр биш, хуримын өдөр бүүр ч биш. Тэгээд юу юм болоо?
Болд хувцсаа солин, гар нүүрээ угаачихаад унтлагын өрөөндөө оров. Үгүй мөн сонин юм даа, ороо засчихаж, хөнжлийнх нь үзүүрээс түүний дуртай ногоон өнгийн ямар нэгэн зүйл цухуйж байв. Гайхан хөнжлөө сөхтөл ногоон өнгөтэй IPad-ий гэр, дээр нь сарнайн дэлбээг зүрх хэлбэртэй өрчихөж. Зүрхэн сарнайн дотор уучлаарай хайрт минь гэсэн бичиг. Болдын дотор харанхуйлаад нэг том хар юм цээжээр нь өгсөөд хоолойг нь боочих шиг боллоо. Ивий дээ миний хань, миний Хулан. Чи минь наддаа бэлэг бэлдсэн байна шүү дээ. Гэтэл би...

Болд эхнэрийнхээ утсыг хайж эхлэв. Залгахаар дуудаж байна, хаана байнаа? Хулан маань миний бичсэн муухай үгтэй мессежүүдийг уншсан болов уу? Би юу хэлж уучлал гуйхав, худлаа хэлсиймаа гэх үү? Хүн чи ямар өчүүхэн байдаг юм бэ?

0407 - Үргэлжлэл 2

Ажлын жирийн л өдөр. Хүмүүс өөр өөрт оногдсон ажилдаа улайран Хуланг анзаарах сөхөө байсангүй. Утсанд нь мессеж ирэхгүй байгаад ундууцан, буруутанг хайн байж ядна. Өчигдөрхөн шинээр авсан утас нь мессеж хүлээж авдаггүй юм болов уу? Гайхаад өөртөө мессеж бичлээ, нөхөр лүүгээ бичлээ. Төвөггүй л ирж байх юм. Өөө энэ Болд худлаа л сайн хүн болоод байсан, яг мэдээд нэг юм хийчихлээ шүү. Ямар балиар амьтан бэ? гэж бодогдохтой зэрэгцээд би чинь юу л болж байна даа. Ханилсан ханиа, хонгор үрсээ умартаад хэн нь мэдэгдэхгүй залуугийн мессеж, хулсан ташуур дуулах хоолой хоёрт ухаанаа тавьчихаад явж байх гэж. Уржигдар шөнө нөхөр нь унтахын өмнө "Миний хань томхон дэлгэцтэй утас авах уу? Байнга л утсаа шагайж явах юм" гэж хэлсэн. Тэр үед нээрээ тэгье байз гэж бодогдсоноос биш нөхөр маань сэтгэлээ утаснаас аргамжчихаад байгааг маань гадарлаж дээ гэж огтхон бодоогүй байна шүү. Ийм л болохоор бүсгүй хүн богино ухаантай гэдэг үг гарсан байж дээ. Эвий дээ, намайг хайрласан хайр нь, зөнгөөр нь байлгах гэсэн энхрийлэл нь, бусдаас илүү явуулах гэсэн анхаарал нь л ихдээгүй бол миний ханьд буруу юу байхав дээ. Ердөөсөө л болий гэж бодонгуутаа утсаа аваад харчихав. Ёооё би ямар бүтэхгүй амьтан бэ, өөрийгөө ч хянах чадваргүй. Өнөөдөр дахиж энэ утсыг харахгүй ээ, ердөөсөө дуугий нь хаагаад шүүгээндээ хийчихье. Энэ муу шүүгээг цоожлоод түлхүүрээ ч гэсэн нүдэндээ харагдахгүй газар хийчийлдээ.

Хотын төвийн гайгүйдээ тооцогддог ресторанд Болд цагаа харан сууна. Эсрэг талын хананд байрлуулсан том толинд харагдах Болд. Ганцхан сарын өмнө хайран хоргоны аль нэг хана нь цуураад, түүгээр нь салхи сийгээд эхэлснийг мэдрээгүй байсан Болдоос даруй 10 насаар ах мэт харагдана. Гэхдээ зүгээр ээ, би өнөөдөр хайраар бүтээсэн шилэн хоргоо наахаар энд сууж байна. Дахиж хэзээ ч цуурахгүй.

Бурхан минь тэр нэг өдөр бага хүү нь халуурч айлгаагүй бол хайраар бүтээсэн шилэн хоргоо эвлэхийн аргагүй болтол хага цохих уур, уцаар зүрхнээс гаран хоолой, гар хоёрт нь ирчихээд байсан сан. Ариун цэврийн өрөөнд 3 хан минут болох хугацаанд бараг л гуч дөч дугарчих шиг болсон ханийнх нь утсанд ирсэн мессеж. Тэр муу мессежийг агуулж буй атгахан утас. Үгүй ер нь нүдэнд харагдах бүх л зүйл хорлонтой, зэвүүн санагдаж нэг л мэдэхэд хүүхдүүдийн өрөөний үүдэнд ирсэн байсан. Хүүгийнхээ орны өмнө сөхрөн суугаад "Миний хөө, миний хүү л битгий өвдөөрэй. Иж нь хүүдээ, аниад нь, аавд нь хайртай. Ээж нь одоо хүүгээ ядаргаатай гэж байхгүй. Ээж нь байнга та гурвыгаа анхаарч, хайрлаж байна. Миний хөө, миний хүү л эдгээд ижийгээ ганц удаа уучилчих. Ээж нь орой болгон хүүдээ ном уншиж өгч байя. Ээж нь өглөө хүүтэйгээ хамт цай ууж байя. Миний хөө, миний хүү эдгэчих л дээ" гэж үглэн мэгших Хулан.

Ишшш миний хань, ааваасаа өөр эр хүнийг танихгүй шахам нялххан байхдаа л минийх болсон охин минь. Цагаан цаас шиг эрх танхилхан чамайгаа хайраар дутаачихсан л байна даа хань минь. Чамайгаа алдахгүй ээ. Анх айл гэр болоход би аав нь, чи минь охин нь аятай л байсан. Хэдийдээ би айлын том хүү, чи минь ижий нь болоод хувирчихав даа. Насаараа охин шигээ хайрлаж чадаагүй намайгаа уучлаарай. Би чинь яах л гэж явна даа, ханийгаа загнах нь уу, бүүр болоогүй утсыг нь барьчихсан, юу вэ баримт, баталгаа гаргаж ирж байгаа юм болов уу. Ухаан гэж байдаг л юм бол энэ л үед гаргах ёстой байх.

Сар орчим яаж хэлэхээ, юу гэж хэлэхээ мэдэхгүй байж байж өнөөдөр л зориг гаргасан. Харин Хулан минь яагаад удаад байгаа юм бол. Мессежинд хариу байдаггүй, залгахаар ч утсаа авахгүй юм. Уг нь өглөөхөн мессеж бичиж байсан даа...

0407 - Эхлэл

Нэг ийм юм эхлүүлчүүл яадын бол. Дуусгахгүй бол загнаарай за :P

Нөхөр нь ажилтай гээд гэрийн бараа харахгүй, 2 хүүхэд нь бие биетэйээ тоглоод түүний оролцоо нэг их байхгүй. Найз нөхөд нь гэр бүл, үр хүүхэд гээд зав гаргахгүй. Хулан дэмий л ТВ-ийн суваг эргүүлэн хэвтэнэ. Ингэж хэвтэж байхаар гарч гүйдэг юм билүү. За за яршиг хувцас хунараа өмсөх гэж хар ядаргаа. Ажил дээрээ очиж жаахан суудаг юм билүү. Хүн ч юу гэж бодоо билээ дээ, энэ хэнхэг хүүхэн гээд л ярих байлгүй. Нээх сайхан хоол хийдэг юм билүү. Өө тэгээд халуун дээр нь идэх хүн байх биш дээ. Гээд л элдвийг бодож олох боловч тэр бүрт нь бүтэлгүй хариулт бас давхар олдоно. Ийм л нэг уйтгарт хагас сайн өдөр ТВ чатаар өөрийнх нь утасны сүүлийн 4 дугаартай ижил утаснаас 30 орчим насны даруухан бүсгүйтэй танилцана гэсэн зарыг олж харсан.

oOo

Тэр одоо завгүй нэгэн. Бүх л амьдрал нь атганд нь орчихсон мэт түүнийгээ гараасаа, харцнаасаа салгахгүй. Шөнө унтахдаа хүртэл дэрэн дороо хийн, атгаад унтана. 7 хон хоногийн өмнө бол дугарахаас нь төвөгшөөгөөд дуугий нь хаачихдаг, хаа сайгүй хэвтэж эзэнгүй мэт байсан утас өнөөдөр эрдэнэ болон хувирчихаад байгаа нь тэр. Утас нь түүнийг хайрлаж, энхрийлж, хань болж байгаа хойно арга ч үгүй биз. Өглөө бүрэн ч сэрж амжаагүй байхад л түүнд өглөөний мэнд хүргээд, хамгийн аз жаргалтай өдрийг бэлэглэе гэх утас. Үнэхээр л тэр өдөр жаргалтай сайхан өнгөрнө. 

oOo

Хоёр хөөрхөн зулзагаа, хайртай ханиа байгаа үгүйг ч анзаарахаа больж. Охин хүү хоёроо усанд оруулахдаа, унтахад нь үлгэр уншиж өгөхдөө, хоол идэнгээ шулганан ярихад нь хүртэл дургүй болж, жаргалтай мөчөөс нь хумслаад байгаа мэт санагдан бухимдана. Хам хум аяга хоол хийж өгчихөөд л өрөөндөө ороод хаалгаа хаачихна. ТВ үзэх, сонин унших, интернэтэд найз нөхөдтэйгээ чаатлах ч зав түүнд байхгүй. Ажлынхан нь түүний гоё сайхан, сэтгэл булаам болж байгааг амаа олохгүй магтаж улам дэвэргэнэ. Хулан эгч яг л дурлачихаж гэхэд нь тэрээр тийм гэж хэлэхийн аргагүй баясалд умбана. Ганцаараа байж болох газар бүрийг эрэлхийлэн, тэр бүрдээ олж өөрийгөө хөөргөсөөр, хөглөсөөр.

oOo

Шөнийн 1 цаг 55 минут. Тэрээр толины өмнө догдлон сууна. Эгээтэй л анхны болзоондоо явах гэж догдлон буй бүсгүйн адилаар гэгэлзэн, байж ядна. Утас нь дугарлаа. Гэрийнхнээ сэрээхгүйн тулд дууг нь хаачихаад авах эсэхдээ эргэлзэнэ. Энэ утсыг авах л юм бол пуужин адил хөөрчих гээд байгаагаа тэр мэдэрнэ. Авахгүй удвал тэр маань гомдоод дахиж залгахгүй бол яана гэхээс бас айна. Байна уу? ... Бурхан тэнгэр минь. Үнэхээр тэр минь л ийм сайхан хоолойтой байхгүй бол өөр хэн ингэж дугарах билээдээ. Эхний удаагийн ярилтаар тэд онц зүйл ярьж амжсангүй. Хулан тэр шөнөөс хойш улам л гэгэлзэж, тэр сайхан дуу хоолой руу ухаангүй тэмүүлнэ. Шөнө бүхэн түүнийхээ дуулсан дуунд уярч унтдаг боллоо. 

Хулсан ташуур нь байгаасай даа
Хуруундаа өлгөөд явах юм сан 
Хууль цаазгүй ч болоосой доо үр минээ хө... 

Ялалтын баярт зориулсан бичлэг


Тулалдаанд орохын өмнө Власов цэргүүддээ заавар өгч байна Улаан армийн дэслэгч генерал тэрээр Нижний Новгород хотын Ломакино хэмээх тосгонд төрж, үнэн алдартны шашны сургууль төгсөөд, Хөдөө аж ахуйн их сургуульд суралцаж дүүргэжээ.

Япончууд Хятадын умардад 1100 км, Янцы мөрний хөндийд 650 км цөмөрчихсөн, хятадууд тэнгисийн болон агаарын цэргийн флотоо бүхэлд нь, их буу, танкийнхаа тэн хагасыг алдчихаад сvйрлийн ирмэгт тулаад байсан 1937 онд залуу хурандаа Власовыг цэргийн зөвлөхөөр явуулжээ. Тэр үеийн орос цэргийн зөвлөхүүд бүгд нууц нэрээр ажилладаг байсан бөгөөд мань эр Волков нэртэй явсан байна.

Хурандаагийн үйл ажиллагааг Чан Кайши өндөр үнэлдэг байлаа. 1939 оны эцсээр Власовыг нутаг буцахад нь Чан Кайши түүнд талархал илэрхийлж өгсөн Алтан луугийн одон, алтан цаг зэргийг нь ЗХУ хурааж авсан гэдэг.

1941 онд дэслэгч генерал Власов 37 дугаар армийг командлаж байлаа. Асар өргөн хүрээгээр германчууд Киевыг бүслэхэд тэрээр амжиж гараад, Москвагийн ойролцоо 12 дугаар армийг захиран, амжилттай тулалдсан юм. 1942 онд Сталин бүслэгдсэн Ленинградын ойролцоо «мухардсан» Волховын фронтын Цохилтын хоёрдугаар армийг Власовт даатгажээ. 1942 оны нэгдүгээр сарын 7-нд арми тэргүүн эгнээнд Сталинградын зүг давшиж эхэлжээ. Уг давшилтад 54, 4, 52 дугаар армиуд тогтсон газарт байр эзлэн оролцох ёстой байсан ч дайралтад төлөвлөсний дагуу оролцоогүй юм. Власовын арми хоёрдугаар сар гэхэд Германы фронт руу 74 км гүн цөмөрчээ. Гэвч Зөвлөлтийн армийн штаб тэднийг хүн хүчээр сэлбэх, зэвсэг хэрэгслээр хангах ажлыг хийгээгүй аж.

Дөрөвдүгээр сард газар гэсэж, Власовын армийн урд нь ажралгүй гатласан газар нь ухрах, нөөц зэвсэг, хүнс татах боломжтой газрууд нь намаг болон хувирчээ. Тэдний армид агаараас тусламж үзүүлээгүй бөгөөд сум хэрэглэл хомстож, хоол хүнсээр тасран үхсэн адууны өмхийрсөн туурай зэрэг идэж болох бүхнээр гол зогоож байжээ. Власов нөхцөл байдлыг үнэлэн, ухрах зөвшөөрөл хүсэхэд түүнд татгалзсан хариу өгсөн байдаг. Хэзээний бүслэгдсэн 2 дугаар арми 1942 оны 5 дугаар сарын 14-нд тал бүрээсээ Германы довтолгоонд өртөж эхлэв. Тэнгэрт дандаа Германы онгоцууд байсан хэмээн амьд үлдсэн цэргүүд дурссан байдаг. Ингээд нэгэнт оройтсон хойно дээд коммандлалаас ухрах зөвшөөрөл өгч, бүтэн хоёр сарын турш хэдэнтээ ухрахаар оролдсон ч бүслэлтийг сэтэлж чадаагүй юм.
Арми нь тарж бутарсны дараа тэрээр ой мод, намаг дундуур тэнэсээр 7 дугаар сарын 6-нд Сиверскаягийн орчимд Германы цэрэгт бууж өгсөн аж. Германчууд түүнийг Дорнод прусс дахь Лотзены ойролцоох штабтаа аваачиж, өмнө нь баривчлагдсан хэд хэдэн генерал, бригадын улс төрийн комиссар, Москвагийн нэг дүүргийн намын хорооны дарга асан Г.Н.Жиленков нартай уулзуулжээ. Тэд бүгд өмнө нь Сталины бодлогыг шүүмжлэгчид байсан гэдэг.

Дайны жилүүдэд Оросын олон сая цэрэг олзлогдсон бөгөөд тэдний дотроос Власовын арми хамгийн том нь байлаа. Власов Гитлерээс фельдмаршал цол хүртэн, харьцангуй бие даасан эрхтэйгээр “Большевизмгүй, тусгаар тогтносон Орос Улс”-ыг байгуулахын төлөө тэмцэж, Оросын чөлөөлөх арми (РОА)-ийг удирдан гурван жил тулалдсан юм.

1944 онд Власов дивизээ Германы дээд командлалтай зөвшилцөлгүйгээр Прагийн ойролцоо хуримтлуулжээ. Энэ үед ЭсЭс-ын генерал Штейнер Прагийг Улаан армид найр тавин өгөлгүй устгах гэж байна гэдгийг Власов мэдсэн аж. Ингээд тэрээр цэргүүддээ Прагийн босогчдод туслах тушаал өгсөнөөр гурван жил Вермахтийн тахтай гуталд гишгүүлсэн чехүүдэд сайхан боломж гарсан юм. Ийнхүү германчуудын тооцоолоогүй талаас дайрч Прагийг Улаан арми биш власовчууд чөлөөлжээ.

Түүний дараа Власовын арми эцсийн найдвар болсон Бавари луу Америкийн холбоотны цэргийн зүг ухарч эхэлсэн юм. Гэтэл холбоотнууд тэднийг Зөвлөлтийн армид бууж өгөх ёстой хэмээн шаарджээ. Учир нь энэ талаар Ялтын бага хурлаар хэлэлцэн тохиролцчихсон байлаа. Власовын арми герман цэргийн хувцастайгаа, Германы нутгийн гүн рүү ухарцгаав. Гэвч тэдэнд үхлээс өөр зам байгаагүй юм.

Сталин Женевийн гэрээнд гарын үсэг зураагүй тул дайсанд баригдсан болон ухарсан хэнийг ч болов урвасанд тооцож, өчиггүй буудан алах ял эчнээ өгдөг байсны улмаас маш олон орос цэрэг эрсийг энэ орчлон дээр гишгэх газаргүй болгож орхисон билээ.

Тэр үед фронт даяар олзлогдсон, хоцорч үлдсэн цэргүүдийг власовчууд буюу урвагчид хэмээн баривчлан хорьж, буудан хороож байжээ. 1948 онд Монголын нутагт төмөр зам барихаар 150 мянган хоригдол ирж ясаа тавьсны ихэнх нь власовчууд байсан юм. Тэд хүнлэг бус, хатуу ширүүн дэглэм дор ажиллаж байсан бөгөөд амиа хорлох явдал асар их гарчээ.

Генерал Власов, Жиленков нар Германы үзэл суртлын сайд Ёзеф Гэбэлс-тэй уулзалт хийж байна.

Генерал Власовыг 1945 онд америкчууд баривчлахад тэр огт эсэргүүцэл үзүүлээгүй байна. Түүнийг оросууд Любянка шоронд хорьж байгаад 1946 оны 8 дугаар сарын 1-нд 12 хүний хамт олны өмнө дүүжлэн хороожээ.

Өдгөө түүний дурсгалын хөшөө Нью-Йоркийн нэгэн оршуулгын газарт бий. Үнэн алдартны сүмийнхэн түүний хороолгосон өдөр болон улаан өндөгний баяраар жилд хоёр удаа очин Генерал Власов болон түүний цэргүүдэд хүндэтгэл үзүүлдэг байна.

Оросын чөлөөлөх армийн цэргүүд. Чех улсын нийслэл Прага хотноо нэр нь үл мэдэгдэх Оросын чөлөөлөх арми (РОА)-ийн 187 дайчдад зориулсан хөшөө байдаг юм.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл