Дэяaн гэж нэг залуу манай ангид байх. Сербээс ирсэн тэр, бас нэг Индонез бид 3 анги дотроо хөөрхөн нөхөрлөнө. Хичээл тараад цуг зам нийлнэ, завсарлагаар хамт буу хална. Дэяан ирэх 8 сары 31-нд хуримаа хийх гэж байгаа мотоспортын тамирчин залуу юм. За даа тамирчин гэхээсээ хообий нь моцийкл болцон л эр дээ. Гэхдээ цаанаа л эрэлхэг, шулуун шударга зантай залуу.
Харин Ясир хөлбөмбөгчин, хээ шаагүй сайхан гар. Индонез чинь лалын ертөнцийн хамгийн их хүн амтай том улс юм байна, мэдээгүй явсан юм. Тэгээд шашнаа дагаад Индонезчүүд гэж бөөн Араб нэртэй залуус байна. Хаа очиж Филиппин, Малайз тэр хэд гайгүй, юм үзсэн, хөөрхөн ч ааш зантай улсууд. За тэр Бангладеш, Энэтхэгүүдүү! Ёстой л үхэж байхдаа таарсан хүмүүс дээ. Тэр тухай дараа сайхан хуучланаа.
6-р сарын 14-ний даваа гариг, хөлбөмбөгийн дэлхийн аварга эхэлснээс хойш 4-дэх өдөр байлаа. Тэр өдөр угийн дуу цөөтэй Дэяaн улам дуугаа хураагаад нурмайцан байв. Хуучин Югославын улсуудыг байнга хольдог би өглөө ирээд түүнийг хармагцаа л "аа тэр чинь Серб шдээ нээрээ!" гэсэн дотроо дуу алдсан. Учир нь урьд өдөр нь Серб азгүй гэхэд дэндүү азгүйтэж Гана-д торгуулийн ганцxан цохилтоор хожигдсон байлаа.
Дэяан! гэж дуудангаа мөр лүү алгадаж, "Серб сайн байсаан, жоохон азгүйтчлээ" гэж хэлэхэд тэр, "дараа нь Германтай тоглоно" гэж бувтнасан. Арга ч гүйм даа, хэрэндээ таарсан юм бодож очоод аваргын аманд таарцан аймгийн арслан залуугаас ямар л дуу гарав гэж.
Хичээл ном болдгоороо болж, тардгаараа ч тарж бид 3 цүнхээ үүрээд метро руу гаа алхав. Хүүхдээрээ цайлган зантай боловч бас ч гүй намбатай байх гэдэг, ер нь намбатай ч байдаг Ясир Дэяaнд хэд гурван сэтгэл зассан үг хэлж явна.
-Серб бол сайн баг, дараагийн тоглолтод заавал хожно гэж би итгэж байна....
Маргааш нь Дэяaны сэтгэл санаа арай гайгүй болж хуучин хэвэндээ орсон байлаа. Анги руу явж ороход цоглог гэгч нь мэндэлж байна:
-За юу байна Артгаа, манайх Германыг бут ниргэнээ!
Би дуугай л толгой л сэгсрээд суудал руу гаа явсан. Дотроо нэг юм бодчоод гаднаа өөрөөр хэлэх нь надад хэцүү байдаг юм. Серб эр энэ эрчээрээ "мөрөөдсөөр" долоо хоног дуусгав. Би болохоор Германыг дэмжиж байгаа, хожно гэдэгт ч итгэлтэй байлаа. Гэхдээ Дэяан найз учир, бас Герман тэртэй тэргүй хэсгээсээ гарах л учраас, "тиймээ Серб хожих байх, хэдийгээр бараг бололцоогүй ч гэсэн. Би тэр үед залбирнаа" л гэж хэлсэн. Дотроо ч үнэхээр тэгж бодсон юм.
Ингээд миний хүсэн хүлээсэн, Ясирийн алгаа үрчин хүлээсэн (тэр бооцоо тавих гэж байгаа), харин Дэяaны тархиныхаа хэдэн эсийг үхүүлэн үхүүлэн хүлээсэн баасан гариг ирлээ. Тэр, тэр өглөө бас л дуугаа хураасан янзтай байлаа. Догдлоод байгаа нь илт. Би түүнийг сайн мэдэрч, ойлгож байв. Учир нь Дагвадоржийгоо сумод анхны монгол түрүү авч магадгүй болох үед, Бээжин 2008-д Түвшээ, Бадар-ууган нар маань алтын төлөө тулалдах үед үүсэж байсан сэтгэлзүйн дэнслээ, лугшаа, хусчаасай билээдээ гэж тэсгэлгүй их хүсэж бас ялагдвал яана гэж маш их айж байснаа эргэж санасан юм.
Баасан гаригийн хичээл ч ордгоороо орж тардгаараа тарж харин бид 3 метро руу урьдныхаасаа хурдан алхав. 40 минутын дараа тоглолт эхлэх нь. Даруухан Сербийн баг үргэлж хүчтэй бяртай байдаг Герман машинуудын эсрэг, хүч тэнцвэргүй тулаан хийнэ.
Тоглолт эхэлж байх үед би сэтгэлдээ хэдийнэ Дэяанд эмгэнэл ирэлхийлэх үгээ бодож байв. Германчуудтай тоглож байгаа Сербүүд өрөвдөлтэй ч харагдах шиг. Хэд нойлоор хусуулах бол доо ч гэсэн бодол эргэлдэж байна. За гэтэл Германы нэг том камаз Клозе талбайг орхиж багийн нөхдөө 10 болгов. Совин ч төрж байна. Утсаа хайж Дэяантай ярьмаар ч санагдах шиг, "аа дэмий ч биз дээ, Германы эсрэг шүү дээ!" Гэхдээ тэр юу бодож байгаа бол. За нэг цай хийгээд ирье гэж санаад өрөөнөөс гарав уу гүй юу зурагтаар дүүрэн шуугиад явчихав. Гоол орчлоо. Хэн нь вэ? Гүйж ирээ л зурагтаа хартал Сербүүд шамбааралдан хөөрцгөөж байдийм байна. Күэ мөн, хоншоортой эрс юм даа! Милан Йованович хэдэн сая нутаг нэгтнээ баяр хөөрөөр бялхааж, уйлуулжээ. Дараа нь хаалгач нь! Сүүпэр од Подольскигийн цохилтыг тэр барьсан.... Тоглолтын баатар бол Сербийн хаалгач Стойкович. Германд олдсон бараг 100 хувийн боломжий нь үгүй хийсэн...
Сербид 3 оноо юу юунаас ч чухал байлаа. Тэд авч дөнгөв.
Оройхон хэрд Дэяанд фэйсбүүкээр нь "баярын цахилгаан" илгээв.
Даваа гаригийн өглөө метроны буудал дээр Ясиртай тааралдаж гангар гунгар хийж явсаар анги руу ороход Серб залуу маань хэдийнэ ирчихсэн байв. Ердийн зангаараа инээмсэглэн угтсангүй, харин гэрэвшсэн янзтай сууж байлаа. Бидний яахыг мэдэж байгаа болохоор тэр биз.
- Дэяан!
- Дэяан!
-Алсан шүү!
-Баяр хүргэе!
Дэяан өөрөө гоол хийсэн аятай л ханагар байна.
Гэтэл Ясир баяр хүргэснийхээ дараагаар гэнэт, аах муусайн Сербүүд! гэдэг байгаа. Заа яав гэж асуухад минь тэр, би одоог хүртэл бараг бүх тоглолтод бооцоо тавьж дандаа таасан. Тэгээд Серб Герман 2 дээр би 100 евро тавьсан байсан, будаа болчихлоо! Хайран зуууууу...!
Бүгдээрээ түүнийг шоолж инээлдэн тэр өдөр их л хөхин баясав бид. Түрүүний нэгдэхэд тэр юу юу гэж Дэянд хэлээд байлаа даа....
Багшийг орж ирэхэд Дэяaн суудал руу гаа явахдаа, "одоо бид Австралийг хожоод хэсгээсээ гарна!" гэж итгэлтэй өгүүлэв.
Тэр туйлын баяр хөөртэй, болдог сон бол өөрөө талбайд гүйж гараад тугаа өргөөд гүйхэд бэлэн байх шиг.
Хүн дан биеэрээ амьдарч болдог ч дан сэтгэлээрээ амьдардаггүй. Эцэг эхээ бусдаас илүү хайрладагаа мэдэрч эхэлснээс хойш хүн амьдралынхаа туршид олон олон хайр, үнэт зүйлсийг олж авдаг. Найз нөхөд, хань, үр хүүхэд, багш, хамт олон, хайртай морь, хайртай моцийкль. Энэ бүхнийг хаман хайрлаж томорсон хүний зүрх сэтгэл, хайр нь эцэстээ өсөж төрсөн эх орноо гэх хамгийн агуу сэтгэл болдог байх гэж санана. Харийн газар, харийн хүний дэргэд байгаа хэнд ч хамгийн үнэ цэнэтэй, хамгийн эрхэм, эмзэг нэгэн эрдэнэ үүсдэг нь эх орон, эх орных нь нэр төр билээ. Тухайлбал намайг, энэ Артгаа тэнэг гэж хүмүүс хэлэхээс айхгүй, харин намайг паактлахыг харсан хүмүүс монголчууд ийм тэнэг юм уу гэж хэлэх вий гэхээс би үхтлээ айдаг. Тэр ч утгаараа бусдын дунд бузгай нь байж чадахгүй юм гэхэд буурай дорой нь байхыг ххэзээ ч хүсэхгүй.
Олон аавын хөвгүүд бүгдээрээ л сэтгэл зүрхэндээ эх орноо тээж яваа. Өөртэй нь хамаа зулаггүй тоглож хөхрөлдчөөд, харин улсынх нь тухай тоглоом хийхэд царай нь хувьс гээд л явчихдаг юм.
Тиймээ Дэяaн, чиний нутгийн эрс гайхамшигийг бүтээх болтугай!